“Атар 60-агро экспо 2019” үзэсгэлэн худалдаа боллоо
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ удаа Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Экспо Монгол ХХК-тай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг танилцуулах, сурталчлах зорилгоор 2019 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 01-ний өдрүүдэд “Атар-60” газар тариалангийн техник, технологи болон шинэ ургацын бүтээгдэхүүний үзэсгэлэнг нийслэл хотноо зохион байгууллаа. “Тус арга хэмжээний нээлт /2019.08.31/ болж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид, тариаланчид, иргэд оролцов.