"Намрын ногоон өдрүүд" энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ

15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" арга хэмжээ өнөөдөр /2021.09.17/ нээлтээ хийлээ. Цар тахлын амаргүй үед үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, ард иргэдэд чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хүргэх боломжийг бүрдүүлэхээр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д халдвар, хамгааллын дэглэмийг сайтар баримтлан тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээр оролцож байгаа аж. Мөн хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинээр оролцож байгаагаараа онцлогтой.

Эх орны хөрсөнд ургуулсан эрүүл хүнс, үндэсний үйлдвэрлэгчдийн олон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой энэхүү арга хэмжээ өнөөдрөөс эхлэн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал явагдана.