Сар шинийн мэндчилгээ
Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй эрхэм тариаланчид, малчид болон харилцагч байгууллагууд Та бүхэндээ XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн билэгт сайн мэндийг дэвшүүлье.
Улиран одож буй жил амжилт ололт арвижиж, ахиц дэвшлийн алхамд тэмүүлсэн, үр өгөөж, буян хишиг дүүрэн жил байлаа.
Өнгөрөгч онд ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн бодлого, хөтөлбөр, уйгагүй хөдөлмөрч тариаланчдын хөдөлмөр зүтгэл нэгэн зүгт чиглэсний үр шимээр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн "Хүнс экспортлогч орон" болох зорилтыг биелүүлэх чухал алхмууд хийгдсэн онцлох жил байлаа.
Тодруулбал, ОХУ-аас 10 мянган тонн үрийн буудай хүлээн авч үрийн шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
Тариаланчид, ногоочид маань сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац хураан авсан бол Хөдөө аж ахуйг дэмжих сан 13,5 мянган тонн үрийн буудай, 62,6 мянган тонн хүнсний буудайн нөөц бүрдүүлэн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилт гаргалаа.
Хөдөө аж ахуйн салбарт ашиглагдах техник, тоног төхөөрөмжид шинэчлэлт хийх ажил ч амжилттай хэрэгжин малчид, тариаланчдад хүү багатай, урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
Угтан золгож буй "Усан бар" жил хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд олон эерэг ахиц дэвшил гарсан, өмнөх амжилтаа бататгасан ерөөл билэгтэй сайхан жил байх болтугай.
Айл өрх бүр элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хүндэтгэсэн: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Отгоны СУМЪЯАСҮРЭН