ЗӨВЛӨМЖ


Үрийг тариалалтад бэлтгэх
Хаврын тариалалтанд тариалах үрийг цэвэрлэх, ариутгах, нарлуулах ажлуудыг эртнээс цаг алдалгүй хийвэл зохино. Ургамал газар тариалангийн хүрээлэнд хийсэн судалгаагаар үрийг зөвхөн нарлуулаад тарихад хээрийн цухуйц нь 10 хувиар нэмэгддэг байна. Сортын цэвэршилт, хогт хольц, лабораторийн соёололт, үрийн фракц зэрэг үзүүлэлтээр стандартын шаардлага хангасан сайн чанарын үрээр тариалалт хийнэ. Чанарын шаардлага хангаагүй үрийг дахин цэвэрлэх,ариутгах,нарлуулах шаардлагатай.
Ургамал Газар тариалангийн хүрээлэнд хийсэн судалгаагаар 1.7 мм, түүнээс бага фракцийн үрийг тариалалтад ашиглахад тохиромжгүй, 2.0-2.2 мм фракцын үрийг 6 см-ээс ихгүй гүнд, 2.4 мм-ээс том фракцын үрээр 8 см хүртэл гүнд тариалахад цухуйц төдийлөн буурахгүй байгааг анхаарвал зохино. Сүүлийн үед чийглэг жилүүдэд буудайн өвчлөлт 3-5% хүртэл нэмэгдэж тоост ба хатуу харуу, энгийн болон фузариозын үндэсний илжрэл зэрэг өвчний тархалт, хор хөнөөл ихэсч байна. Иймд тарих үрийг ариутгах, ургамал ургалтын хугацаанд өвчний эсрэг урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй фунгицидээр ариутгал хийх нь чухал.
Буудай, арвайн тоост болон хатуу харуу, үндэсний илжрэл, үрийн хөгц зэрэг өвчний эсрэг Тебутин,Фолмекс зэрэг бусад бодисыг хэрэглэх зааврын дагуу үр ариутгагч машинаар ариутгана. Мөн Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн ургамал хамгааллын бодисын жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн зориулалтын бусад үр ариутгагч бодисоор ариутгана. Үр ариутгаж байгаа ажилчдын хөдөлмөр хамгааллын журмыг нарийн чанд сахих хэрэгтэй.
Агаарын температур +5°С-аас дээш болсон үед буюу тариалалтаас 7-10 хоногийн өмнөөс үрийг агуулахаас гарган 15-30 см зузаан тарааж 5-7 хоногийн турш нарлуулан оройд нь нуруулдана.


Үр сортын сонголт

Тухайн бүс нутагт нутагшсан сортыг тариалахад нэмэгдэл зардал гаргахгүйгээр хөрс цаг уурын нөөцийг бүрэн ашиглаж таримлын ургацыг 25-30%, заримдаа 50% хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм.
Байгаль, хөрс, цаг агаарын онцлогийг харгалзан эрт, дунд, дунд оройн болцтой сортуудыг тодорхой харьцаагаар тариалж сортын бүтцээ зөв тодохойлох нь гангийн эрсдэлийг бууруулах, тогтвортой арвин ургац авах магадлалыг нэмэгдүүлдэг. Үрийн тариаланг үржил шим сайтай, технологийн дагуу элдэншүүлэгдсэн сайн чанарын уриншид тариалах чиглэл баримтлана.
Сортыг сонгон тариалахад юуны түрүүнд болцыг эхлэн анхаарах шаардлагатай байдаг. Манай оронд соёололтоос аарцан болц хүртэлхи хоногоор болцыг тооцдог бөгөөд чийг дулааны хангамжаас хамааран 3 заримдаа 10 хүртэл хоногоор хэлбэлздэг. Сортуудыг болцоор нь 75-82 хоногт боловсордог эрт болцтой, 85-90 хоногт боловсордог дунд болцтой, 90-95 хоногт боловсордог дунд оройн болцтой сорт гэж ангилна. Байгаль, хөрс, цаг агаарын онцлогийг харгалзан эрт, дунд, дунд оройн болцтой сортуудыг тодорхой харьцаагаар тариалж сортын бүтцээ зөв тодорхойлох нь гангийн эрсдэлийг бууруулах, тогтвортой арвин ургац авах магадлалыг нэмэгдүүлдэг.
Тариалангийн төв бүсэд буудайн тариалангийн нийт талбайн 30-40 %-д дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой сортуудыг 40-60 %-д тариалалтын тохиромжтой дунд хугацаанд, эрт болцтой сортуудыг 10-15 %-д хавар хөрсний чийг багатай, гандуу жилд нилээн оройтуулан тариалахаар сортуудыг сонгох нь гангийн эрсдлийг бууруулах, тогтвортой ургац авах боломж бүрдэнэ.
Тариалангийн өндөрлөг уулын бүсэд буудайн тариалангийн нийт талбайн 70 %-иас дээш хувьд нь эртийн болцтой сортуудыг, 30 хүртэл хувьд дундын болцтой сортуудыг тариалах нь илүү тохиромжтой. Их нууруудын хотгор, Алтайн бүсэд 80 %-иас дээш хувьд нь эртийн ба дундын болцтой, 20 хүртэл хувьд нь буюу нам дор хэсэгт усалгаатай нөхцөлд дунд оройн болцтой сортуудыг тариалах нь тохиромжтой.
Дорнод тал хээрийн бүсэд тариалангийн нийт талбайн 60-70 %-д дундын болцтой сортуудыг, 30-40 %-д дунд оройн болцтой сортуудыг тус тус тариалах нь тохиромжтой. Усалгаатай тариаланд буудай тариалж байгаа нөхцөлд усалгаа, бордоонд мэдрэмтгий, өвчин хортонд тэсвэртэй чанар сайтай, дунд эртийн болцтой эрчимжсэн сортыг тариалах нь чухал.

Тариалах хугацаа, үрийн норм, тарих гүн

Монгол орны тариаланд зонхилон тархсан хүрэн хөрсний 10 хүртэлх см гүнд 10 °С-аас дээш дулаантай болсон үед тариалалтыг эхлүүлнэ. Зусах буудайг чийгийн хангамжтай талбайгаасаа эхлэн 5-р сарын 25 хүртэл хугацаанд, үрийн тариалалтыг 5-р сарын 15-18-ны хооронд сайн бэлдсэн чанартай уриншид тариална. Хөрсний нөөц чийг хүрэлцээтэй байгаа талбайд үрийн соёололт,цэвэршилтийн үзүүлэлтийг тооцож нэг га-д 3.5 сая ширхэг, дунд болон хангалтгүй чийгтэй талбайд 3.0 сая ширхэг соёолох чадвартай үрээр тариалах нь зүйтэй. Хөрсний чийг хангалттай талбайд 5-6 см, дунд болон хангалтгүй талбайд 7-8 см гүнд тариалалтыг хийнэ.

Дээрхи мэдээллийн эх сурвалжийг: Азийн хөгжлийн банкны ХАА-Хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төсөл, ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн санхүүжилтээр хэвэлгдсэн Монгол улсад газар тариалан эрхлэх систем номоос авав. /хуудас 212/
скачать dle 12.0

Санал болгох

khaads.mn