Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ



        Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, хилээр нэвтрэх зорчигчдын хөдөлгөөнийг хорих, гол нэр төрлийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах талаар барьж буй бодлого, Улсын онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийн 4.1-т “Хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллахыг” ХХААХҮЯ-нд үүрэг болгосон. Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх юм.
         Монгол Улс 2019 онд 339.4 мянган га талбайд улаан буудай тариалсан. Гэвч оны 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байж хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөргөөр нөлөөлсөн, 6 дугаар сард хуурай, халуун олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж буудайн өсөлт хөгжилт, бутлалтыг бууруулсан зэрэг байгаль цаг уурын давагдашгүй нөхцөл үүссэн шалтгааны улмаас улсын хэмжээнд нийт 26.9 мянган га талбайн ургацыг хураах боломжгүй болсон.
Монгол Улсын хүн амын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 302.0 мянган тонн улаан буудай шаардлагатай бөгөөд 2019 онд улсын хэмжээгээр 407.6 мянган тн буудай хураан авч, гурил үйлдвэрлэлд 247.4 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Харин дотоодын спиртийн үйлдвэрлэлд 10.0 мянган тонн, малын тэжээлийн үйлдвэрлэлд 35.0 мянган тонн,  үрийн нөөцөд 42.0 мянган тонн улаан буудай нийлүүлсэн дүнтэй байгаа бөгөөд хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотоодоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэх, илүү гурилыг экспортлох зэргээс шалтгаалан 60.0 мянган тн  улаан буудай дутагдах тооцоо гараад байна.
Улсын хэмжээнд 2020 оны хаврын тариалалтад нийт 63.0 мянган тонн үр шаардлагатай. Гэвч одоогоор салбарын аж ахуйн нэгж, иргэд 42.0  мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газарт 6.0 мянган тонн, нийт 48.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдсэн байгаа тул хаврын тариалалтад 15.0 мянган тонн сайн чанарын үрийн улаан буудай дутагдаж байна.
Иймд дээр дурдсан нөхцөл шалтгааныг харгалзан үзэж Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаар зөвлөмжөөр 2020 онд 15.0 мянган тонн улаан буудайн үр, 60.0 мянган тонн хүнсний улаан буудайг импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Гэвч коронавирустай холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдалтай уялдуулан, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар шийдвэрлээд байна.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг, вирусын тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөлөл ямар байхыг урьдчилан төсөөлөх боломжгүй байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байна.
Онцгой горимд шилжсэнтэй холбогдуулан иргэдийн хүнсний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг эрс нэмэгдүүлж, их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй  байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр,  ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлүүлэх саналыг гаргасныг Засгийн газрын өнөөдрийн \2020.03.04\ хуралдаанаар ийнхүү шийдвэрлэлээ.  

Эх сурвалж: ХХААХҮЯамскачать dle 12.0

Санал болгох

khaads.mn